Англи хэл сурахад нууц бий юу?
- Ariunjargal Batsukh
- Oct 19, 2021
- 2 min read
Updated: Nov 8, 2021
Эхэлж буй энэ ондоо өөртөө ямар төлөвлөгөө тавьж байна?

Энэ постыг уншиж байгаа таны жагсаалтад англи хэлээ сайжруулах төлөвлөгөө багтсан гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна. Хэл сурахын хамгийн том нууцыг энд задлая.
Хэл сурахад үнэндээ нууц байхгүй ээ. Өдөр бүр цаг зарцуулж, тэр цагаа үр бүтээлтэй өнгөрөөж л байх нь хамгийн том нууц юм.
Сайжирч байгаа чинь мэдэгдэхгүй, үргэлж шинэ үг, шинэ дүрэмтэй тааралдах учир юу ч мэддэггүйгээ өдөр бүр мэдрэх, цээжилсэн үгээ маргаашид нь мартах гэх мэт бүтэлгүй мэдрэмж үргэлж тулгарна.
Уншиж, ярьж үзэхэд эв хавгүй, ичмээр аялгаар яриад байгаагаа өдөр бүр сонсоно.
Өөрийнхөө эв хавгүй, мэдрэмжгүй байдлаа мэднэ. Үнэхээр өөрийн байгаа төвшинтэйгээ цаг мөч бүр нүүр тулна л гэсэн үг. Энэ нь хэл сурах шаардлагатайгаа үргэлж ухаарна гэсэн үг. Өдөр бүр байгаа байдалтайгаа нүүр тулаад байгаа хүн чинь яаж сайжруулах вэ гэдэг дээр бодож эхэлдэг юм билээ. Тэгээд өөр өөрөөр оролдоод хэл сурахдаа илүү их цаг гаргаад байхад л нэг мэдэхэд танил дотно үгнүүд, хэлэхэд урамтай хэллэгүүд аяндаа аманд бага багаар орж байгааг анзаарах болно. Өдөр бүрийн тууштай оролдлого амжилтын нууц байдаг.
Монголчууд бидний нийтлэг алдаа нь өдөр бүр тогтсон цагаа гаргаж чадахгүйд л байгаа юм.
Тиймээс бидэнд сургуульд сурах нь илүү тохиромжтой. Ямар нэгэн цагт баригдаж, дүрэм журамд захирагдаж, системд ороод явахад бидний потенциал үнэхээр гайхалтай. Өдөр бүр сургуульдаа яваад хичээлээ хийгээд, чадах чадахгүй ч ангийнхантайгаа яриад, бие даалтынхаа хугацаанд баригдаж өөрийгөө шахаж зүтгэсээр нэг л мэдэхэд нөгөө л танил мэдрэмжид хүрэх боломжтой. Энэ миний амьдралын аялал эхэлсэн цэгтэй бас эцсийн зогсоолтой. Аяллын зорилгоо дуусгаад гэртээ харих цаг ирнэ. Сурсан мэдсэнээ өвөрлөөд сайхан Монгол орноо хөгжүүлэхээр буцна. Аяллын өдөр бүрийг санаж сэрж, сурч хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлэхэд зориулах л миний хариуцлагатай Монгол иргэний үүрэг юм байна гэдгийг ухаарч сууна.
Хэдэн жил өөртөө төлөвлөгөө тавиад амжилт олоогүй бол энэ жилийн төлөвлөгөөгөө шинэчлээд тавиад үзээрэй.
Энэ жил таны хувьд гайхалтай өөрийгөө олж илрүүлсэн жил байх болно. Энэ цаг мөчид та өөрийн авьяас чадвартаа жаахан л цаг зарцуулахад ямар том өөрчлөлт авч ирдгийг мэдрэх болно. Өөрийн төлөвлөгөөгөө англи хэл сурах зорилгоо биелүүлэхийн тулд хүчээр ч хамаагүй өөрийгөө англи хэл сурах орчинд аваачаарай. Өдөр бүр тухгүй, ичмээр, мэдэхгүй байгаа тэр мэдрэмжийг их мэдрэх тусам та сайжрах болно.
Comentários