Улуру
- Ariunjargal Batsukh
- Oct 19, 2021
- 2 min read
Австралийн төв хэсэгт цөл дунд орших энэ гайхалтай уулыг дэлхийн энергийн төв гэж үздэг юм билээ.

Австралийн уугуул иргэд Аборигенчүүд уг уул нь ариун дагшин газар гэж үздэг ба энэ ууланд авирахыг цээрэлдэг аж. Уугуул иргэдийг англичууд хот сууринд амьдруулах гэж маш урт хугацаанд оролдсон боловч, эдгээр хүмүүс зөвхөн байгальдаа ойр байж, байгальтай гайхалтай зохицон амьдардаг юм байна гэдгийг сүүлд эрдэмтэд судалсан байна.
Өнөөдрийн Австралийн сонин хачин булангаар Аборигенчүүдын өлгий нутаг болсон Улуру уулын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Улуру уул нь хархад хэдийгээр өндөр биш ч газраас 348 метр өндөр, Парисын Эйфелийн цамхаг, Мельбурн дахь Эврика цамхгаас өндөр юм.
2. Улуру уулыг тойроод алхвал 9.4км хэмжээтэй хол явах шаардлага гарна.
3. 2018 онд Австралийн геологийн баг Улуругын жинг тооцоолов. Тэдний тооцоолсон хэмжээ нь 1,425,000,000 тонн байсан бөгөөд энэ бол газрын дээрх хэсэг юм. Газар доорх хэмжээг одоохондоо тодорхойлсон баримт байхгүй байна.
4. Улуру уулыг анх 1950 онд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тооцох болсон ба сүүлд 1993 онд албан ёсоор байгалийн цогцолборт газар болгон өөрчилжээ.
5. Хур тунадас орсны дараа бамбай сам хорхой гарч ирдэг. Тэдгээрийн өндөг нь хатаж үлддэг ба дахин хур тунадас орох үед амьдардаг байна. Дараагийн хур тунадас нь хэдэн жилийн дараа байсан ч хатсан өндөг буцаж амилах чадвартай аж.
6. Аборигенчүүд Улуру уулын ойролцоо амьдраад 30,000 жил болж байгааг археологийн олдворууд баталдаг юм байна.
7. Улуру уулын ойролцоох газар нутгийн цаг агаар зуны турш өдөртөө 47 градус халуун хуурай байдаг. Харин өвөл шөнөдөө -7 градус хүйтэнтэй эрс тэрс уур амьсгалтай.
8. Улуру уулын орчимд 400 төрлийн ургамал ургадаг ба маш олон төрлийн амьтдын төрөл зүйлс амьдардаг. 21 төрлийн хөхтөн, 73 төрлийн мөлхөгч, 178 төрлийн шувуу, 4 төрлийн мэлхий гэх мэт.
9. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 250,000 жуулчид Улуру уулыг үзэх гэж зорьж ирдэг байна. Улуру уулын өнгө нь өглөөний наранд нэг өнгө, оройны наранд бас нэгэн гайхалтай өөр өнгөөр харагддаг нь жуулчдын анхаарлыг татдаг байна.
10. Нутгийн ард иргэд эртний соёл иргэншлээ хүндэтгэн уг ууланд авирахыг цээрлэдэг ба авирахгүй байх шийдвэр гаргаач хэмээн үргэлж засгийн газартаа хүсэлт гаргасаар иржээ. Эцэст нь 2019 онд Улуру ууланд авирахыг албан ёсоор хоригложээ.
Улуру уулруу явахын тулд Сиднейгээс 3:30 цагийн нисдэг ба Мельбурнээс ойролцоогоор 3 цаг нисдэг байна. Хэрвээ Сиднейгээс машинтай явбал 30 цаг буюу 2 өдөр шаардлагатай байна. Тэнд зочилсон хүмүүсийн ярианаас үзэхэд ялааны хамгаалалтын тор авч явахгүй бол ялаа шумуул нь тайван байлгадаггүй сурагтай.
Comments